1045
 
 

ХӨХ ЗҮРХНИЙ АЯН - 2021

Өнөөдөр Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь IOM Mongolia НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, ЭКПАТ Монгол байгууллагаас зохион байгуулж буй "Хөх зүрхний аян-2021" нөлөөллийн аяныг дэмжин хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болох хүүхдүүдийг хөдөлмөрийн мөлжлөгийн өртөхийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэлээ.

Сүүлийн 15 жилийн хугацаанд нийт илрүүлсэн хүн худалдаалах гэмт хэргийн (ХХГХ) хохирогчдын дунд хүүхдийн эзлэх хувь гурав дахин, хөвгүүдийн эзлэх хувь тав дахин өсжээ. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газраас (ХТГХТГ) нийтэлсэн “Хүн худалдаалах гэмт хэргийн олон улсын тайлан”-аас үзэхэд охидыг ихэвчлэн бэлгийн мөлжлөгт ашиглах, хөвгүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор худалдаалжээ.

1045

2018 оны байдлаар 148 орны 50,000 орчим ХХГХ-ийн хохирогчийг илрүүлээд байгаа боловч энэ гэмт хэргийн далд шинж чанарыг харгалзан үзвэл ХХГХ-т өртсөн хохирогчдын бодит тоо үүнээс ч их юм. Дээрх тайланд уг наймааны худалдаачид ихэвчлэн цагаач, ажил орлогогүй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийг онилж, хохирогчдоо болгодгийг дурджээ. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нь илүү олон хүмүүсийг энэ хэргийн хохирогч болгох эрсдэлийг нэмэгдүүлэв.

Дээрх асуудалтай холбогдуулан НҮБ-ын ХТГХТГ-ын гүйцэтгэх захирал хатагтай Гада Вали “Дэлхий даяар сая сая эмэгтэйчүүд, хүүхдүүд, эрэгтэйчүүд үргэлжилж буй Ковид-19 цар тахлын хямралын үеэр ажилгүй, сургуульгүй, нийгмийн дэмжлэггүй байгаа нь тэднийг ХХГХ-ийн эрсдэлд оруулж байна. Гэмт хэргийн наймаачид цар тахлыг ашиглан нийгмийн эмзэг давхаргын иргэдийг худалдаалах хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хүрээнд бид зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" хэмээжээ.

НҮБ-ын ХТГХТГ-аас гаргасан ХХГХ-ийн 2020 оны олон улсын тайлан нь ХХГХ-ийн эсрэг засгийн газруудын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийг мэдээлэх, ял шийтгэлгүй байдлыг зогсоох болон дэлхий нийтийг хамарсан цар тахлыг даван туулах цогц бодлого, хүчин чармайлтын хүрээнд хохирогчдыг дэмжих зорилготой юм.

ХОХИРОГЧДЫН ТУХАЙД

Эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв. Энэ хэргийн хохирогчдын 20 орчим хувь нь насанд хүрсэн эрэгтэйчүүд, 15 хувь нь залуу хөвгүүд байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд олж тогтоосон хохирогчдын тоо нэмэгдэж, тэдний эзлэх хувьд өөрчлөлт орсон байна. Уг хохирогчдын дунд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2018 оны байдлаар өмнө нь 70-аас дээш хувь байсан нь 50-аас доош хувь болж буурсан бол илрүүлсэн хохирогч хүүхдүүдийн эзлэх хувь 10 орчим хувь байснаас 30 гаруй хувь болж өссөн байна. Мөн энэ хугацаанд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, 2018 оны байдлаар 10 орчим хувиас 20 хувь болжээ.

Нийт илрүүлсэн хохирогчдын 50% нь бэлгийн мөлжлөгт өртсөн, 38% нь албадан ажил хөдөлмөр эрхлүүлэлтийн хохирогч болсон, 6% нь гэмт хэрэгт албадан оролцуулсны хохирогч болсон бол 1% нь албадан гуйлгын, цөөн тоо нь хүчээр гэрлүүлэх болон эд эрхтнээ алдах, мөн бусад гэсэн ангиллуудад багтжээ.

Хохирогчдын гэмт хэрэгт өртөх байдал нь тухайн мөлжлөгийн хэлбэрээс шалтгаалан өөр өөр байна. 2018 онд хохирогч эмэгтэйчүүд, охидын ихэнх нь бэлгийн мөлжлөгт өртсөн бол эрэгтэй, хөвгүүд нь албадан хөдөлмөр эрхлэх зорилгоор худалдагдсан байна.

Албадан ажил эрхлүүлэх зорилгоор худалдагдсан хохирогчдын эзлэх хувь арав гаруй жилийн хугацаанд тогтмол өссөөр ирсэн. Хохирогчдыг ихэвчлэн хөдөө аж ахуй, барилга, загас агнуур, уул уурхай гэх мэт алслагдсан газруудад албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ТУХАЙД

Дэлхий нийтийн хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдож шалгагдсан, ял шийтгэл авсан хэрэгтнүүдийн дийлэнх нь эрэгтэй хэвээр байгаа бөгөөд эзлэх хувь нь тус тус 64, 62 орчим хувьтай байна. Гэмт хэрэгтнүүдийн дийлэнх хувь нь зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэлүүдэд харьяалагддаг бол үлдсэн хувь нь дангаар эсвэл цөөн тооны хэрэгтнүүд нийлж боломж, завшаан харан гэмт хэргийг үйлддэг гэсэн судалгаа гарчээ.

ХХГХ-ийн наймаачдад золиос, хохирогчид бол зөвхөн бараа бүтээгдэхүүн гэж харагддаг. Тэдний хувьд хүний эрхийн асуудал, эрх ашиг гэсэн ямар ч ойлголт байхгүй. Иймээс, хамгийн ойрын танил, элэг нэгтнүүдээ ч зарж борлуулахаас буцдаггүй бөгөөд гэмт хэргийн зохион байгуулалттай томоохон бүлэглэлүүдэд өндөр үнээр худалдаалдаг байна.

Хүний наймаачид хохирогчдыг онилж олохоос авахуулаад худалдаалах хүртэлх гэмт хэргийн бүх үе шатуудаа нарийн төлөвлөж, өөрсдийн үйл ажиллагааны загвартай болсон байдаг. Маш олон насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэргийн хохирогч болдог нь цахим хуудсуудаар дамжуулан тэднийг залилах, найз нөхдийн гэх мэт төрөл бүрийн санал тавихад амархан хуурагддагаас болдог байна.

НҮБ-ын ХТГХТГ-аас хоёр төрлийн стратегийг тодорхойлсон бөгөөд үүнд ихэвчлэн олон нийтийн сүлжээнд хохирогчийг идэвхтэй мөрдөхийг "ан хийх"; ажлын байрны зар байрлуулж, хохирогчид хариу өгөхийг хүлээхийг “загасчлах” стратегиуд гэжээ.

ХХГХ, ГАЗАР ЗҮЙН ХУВЬД

Хэдийгээр хохирогчид ихэвчлэн газарзүйн хувьд холгүй газруудад худалдаалагддаг ч НҮБ-ын ХТГХТГ нь 148 орноос цуглуулсан мэдээлэлд үндэслэн нь дэлхийн дахинд ХХГХ-ийн  534 газар зүйн урсгалыг бүртгэсэн байна. Энгийн жишээ гэхэд хотын захын хорооллоос охидыг хулгайлж ойролцоох зочид буудал, бааранд мөлжлөгт оруулдаг. Дэлхийн хэмжээнд ихэнх хохирогчдыг эх оронд нь аварсан байдаг.

Хүн худалдаалах гэмт хэргийн олон улсын тайланг НҮБ-ын ХТГХТГ хоёр жилд нэг удаа гаргадаг бөгөөд энэхүү гэмт хэргийн эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэх болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулдаг. 2020 оны тайланд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын талаарх дэлхийн хамгийн том мэдээллийн сангаас 148 орны албан ёсны эх сурвалжаас авсан тоон мэдээллийг багтаасан болно. Мөн 71 орны 489 шүүх хуралдаанд дүн шинжилгээ хийж, гэмт хэрэгтнүүд болон хүн худалдаалах гэмт хэргийн шинж чанарт чанарын үнэлгээ хийж гүйцэтгэсэн.

Эх сурвалж:

Mongolian Gender Equality Center /Хүйсийн Тэгш Эрхийн Төв/

Зохистой Хөдөлмөр ТББ