1045
 
 

Радио Миний Амьдралд

Таны Гэр бүлийн Радио 20 нас хүрч байна. “Мэдрэмжийг зуун хувь гэвэл хэл яриа, үгээр урлах санааны ерэн хувийг чихээр дамжуулан РАДИО өгдөг.” Энэ бол нэгэн сонсогчийн маань Радиогоо магтаж хэлсэн сэтгэлийн үг. Тиймээс ургацын хорин жилээрээ бид ургацаа хурааж байна. “Радио миний амьдралд” фото сурвалжилгын гол дүр бол “Радио Найз” Дэмчигийн Болормаа.    

1045

Тэрээр ямар ч үед хамт, дотнын хэн нэгэн шиг байдаг Манай радиогийн үнэнч сонсогч минь. Радиогоо сонсогч маань “Миний хамгаас хайртай дотнын минь найз” гэж тодорхойлсон. Тиймээс сонсогч Болормаагаа бид Радио Найз гэж нэрлэж байна.  Ургацын 20 жилээрээ ийм л эрхэм сонсогчдоороо бахархан, тэдэндээ баярласнаа илэрхийлж чин сэтгэлийн ярилцлага өрнүүлсэн юм. Түүнээс Радиог анх хэзээ сонсож байсан? Радио түүний хувьд хэн болох? тухай асуулаа.
Радио найз Дэмчигийн Болормаа: Би Гэр бүлийн Радиог сонсоод 7,8 дахь жилдээ иржээ. Анх яаж сонссон бэ? гэвэл хөгжим сонсож байгаад сувгаа солих хооронд Хос Урлаг нэвтрүүлэг явж таараад, Бадамцэцэг гэж зочин орж, хүүхэд хүмүүжлийн талаар ярьж байсан нь надад сайхан санагдсан учраас тэр өдрөөс хойш Радиог сонсдог болсон. Хамгийн сонсох дуртай нэвтрүүлгүүд гэвэл Хос урлаг, 930, Бэрцэцэг, 1000 оноо гээд л сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, сэдэлжүүлж чаддаг нэвтрүүлгүүд байна. Одоо шинэчлэгдсэн нь гэвэл Сураг Занги, Харилцааны 103 болон зөндөө олон нэвтрүүлгүүдийг сонсож, сурахыг нь сурч, тэмдэглэхийг нь тэмдэглэж авдаг.
- Гэр бүлийн Радио таны хувьд ХЭН бэ?
Радио найз Дэмчигийн Болормаа: Радио бол миний хамгийн хайртай ээжийн минь дараа орох хамгийн сайхан дотны найз минь. Маш их дуртай. Хаа явсан газраа (машинд ч, радиогоороо ч) сонсдог ганц суваг бол Гэр бүлийн Радио л байдаг. Гэр бүлийн бүхий л насны хүмүүст зориулсан нэвтрүүлгүүдийг явуулдаг. Хүмүүст сонсоорой, хэрэгтэй зүйлээ мэдэж аваарай гэж уриалдаг.  

1045
Радио бол ээжийн дараа орох эрхэм хүн. Хамгаас хайртай дотны минь найз. Хэн нэгний сэтгэлд ийм халуун дотно нэгэн байна гэдэг хүн бүрийн хувьд гайхалтай мэдрэмж. Радиогийн хамт олон минь Радио найз Болормаагийн яриаг сонсоод догдолж баярлаж байгаа байх. Тэгвэл сонсогч маань дотны найзаасаа амьдралдаа юуг чухалчлан авдаг болон радиотойгоо хамт байснаар ямар үр жимсийг амьдралдаа тарьж ургуулсан тухай ярилцсан юм.
Радио найз Дэмчигийн Болормаа: 930-ын Бяцхан домчоор хүрдэг богино өгүүллэг, үлгэрүүдийг хүүхдүүдэд зориулж ярьж өгдөг нь их таалагддаг.  Яагаад гэвэл эцэг эхчүүд сошиал хөгжсөнөөс болоод хүүхдүүдтэйгээ харилцах нь багассан. Манай хоёр хүүхэд том болчихсон. Тиймээс дүү нартаа, хүмүүст хүүхдүүддээ орой ном уншиж өгөх ёстой юм байна, үлгэр сургамж ярьж өгч бай гэж хэлдэг. Хос урлаг нэвтрүүлгийнхээ сургалтад суудаг. Хүмүүс дагуулж ирдэг. Хосуудын хоорондоо үл ойлголцдог зөрчлүүдийн гарц гаргалгааг мэргэжлийн хүнээр тайлбарлуулж хэлж өгсөн нь маш их таалагдаад, цаашид Радиотойгоо хамт байна даа. Сураг занги цагаасаа хотын бидэнд хөдөө орон нутгийн аж амьдрал, хөгжил цэцэглэлтийг түгээдэг баярладаг шүү. Хэрэгтэй мэдээлэл их байдаг. Нийгэмд сайн сайхныг түүчээлэх үйл явдлууд сайхан санагддаг. Тийм учраас гар бие оролцох чин хүсэлтэй. Радио сонсоод өнгөрөх өөр. Гар биеэрээ оролцох өөр гэдгийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Миний хамгийн хайртай Гэр бүлийн радио нийгм ийн сайн сайхны төлөө, гэр бүлүүдийн бат бэх харилцаанд маш их анхаарч үргэлж шинэ зүйлсийг таниулдагт үргэлж баярладаг. Би өмнө нь ажил, гэр л гэсэн замын зурагтай байсан. Бас хайртай дотныхоо хүмүүст л сэтгэл зүрхээ зориулдаг байсан бол Радио сонссоноор  нийгмийн сайн сайхны төлөө олон хүнийг түүчээлэх ёстой юм байна, хамтарч нэгдэх ёстой юм байна гэдгийг ухаарсан. 
Маш их зүйлд тэмүүлж, суралцах сэдэл төрүүлдэг. Нэгэндээ нөлөөлж сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох сайхан цагуудыг гаргадаг. Их олон зүйлс сурчээ. Цаашдаа ч суралцсаар байх болно.            
Очих дуртай газар, уулзах дуртай хүн гэж бий. Яг түүн шиг сонсох дуртай Радио минь гэж үргэлж хамт байдаг сонсогч бүрээ бид ч бас найз шигээ эрхэмлэдэг. Тэдэнтэйгээ өдөр бүр шахуу нэвтрүүлэг, хөтөлбөрөөрөө уулзахын зэрэгцээ Олон нийтийн үйл ажиллагаагаар ч хамт байдаг болохоор сонсогчдод маань сайхан дурсамж үлдсэн л байгаа. Энэ тухай Радио найз Дэмчигийн Болормаа дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм.  

1045Радио найз Дэмчигийн Болормаа: Радиотой холбоотой олон дурсамж байна. тэр дундаас нэг хоёрыг нь дурдъя. 930Шоуны “Би гүймээр байна” аянд оролцсон. Тэр мөч бол надад хамгийн сонирхолтой сайхан зүйл болсон. 2020 оны 9-р сарын 30 -ны өглөө бороо шивэрсэн, сэрүүхэн өглөө байсан. урд өдөр нь яагаад ч юм сэтгэл догдлоод л маргааш би гүйнэ. Тэр гоё сайн үйлсийн аянд оролцох гээд бүртгүүлчихсэн байгаа гэж бодохоор өглөө нойр хүрэхгүй өглөө нь ирсэн чинь хамгийн түрүүнд ирчихсэн байсан.
Бас айлуудаар баг болоод л хуваагдаад явахад дөрөв, дөрвөөрөө болж айлуудаар очсон. Тэр их сайхан дурсамж байсан. энэ хоёр сэтгэлд маш тод үлджээ.
Гэр бүлийн Радио бол ээжийн минь дараа орох хайртай дотнын найз минь гэж хүлээж авдаг, сонсдог, хамт байдаг. Радиогийнхоо 20 жилийн ойд зориулаад нийт удирдлага, уран бүтээлчид, бүх ажилчдад ойн баярын мэнд хүргэе. Та нартайгаа үргэлж хамтдаа байх болноо. Зүрх сэтгэлээрээ.  

1045
Бидний амьдралд аз жаргал, зовлон бэрхшээл сүлэлдэн оршдог. Харин Гэр бүлийн Радио 104.5 нь нэвтрүүлэг уран бүтээл, үйл ажиллагаараа дамжуулан сонсогч хүн бүрийнхээ амьдралд аз жаргал, гэрэл гэгээ нь байхыг хүсдэг билээ. Тэгэж гэмээ нь бидний “Бат бэх гэр бүлийн төлөө” хэмээх уриа маань биелэлээ олох болно. Үүнийг бодит биелэл болоход тусладаг, хамтран зүтгэдэг РАДИОГИЙН ЭРХЭМ СОНСОГЧ ТАНД баярлалаа. Өнөөдөр “Радио миний амьдралд” сурвалжлагын гол дүрийн баатар “Радио Найз” Дэмчигийн Болормаа маань ийм л сонсогчдын төлөөлөл юм. Ургацын 20 жилийг минь арвин ургацаар дүүргэсэнд талархаж, цаашдаа ч дүүргэсээр байхын эрхэм ерөөлийг өргөөд сурвалжлагаа өндөрлөе.  

Фото сурвалжилгыг бэлтгэсэн редактор, сэтгүүлч Б.Баясгалан