1045
 
 

РАДИО МИНИЙ АМЬДРАЛД

Мэдрэмжийг зуун хувь гэвэл хэл яриа, үгээр урлах санааны ерэн хувийг чихээр дамжуулан РАДИО өгдөг билээ. Таны Гэр бүлийн Радио 20 нас хүрлээ. Сонсогч танд ургацын хорин жилийн ойд зориулсан “Радио миний амьдралд” сурвалжилгаа хүргэж байна.

1045

Сэтгүүлч: Амьдралаа ухаанаар барьж, сэтгэл зүтгэлээр сийлж яваа өрх гэрийн тэргүүн, нийгмийг түүчээлж яваа ажил олгогч нэгэн эрхэмтэй сонсогч таныг уулзуулах гэж байна. Энэ хүн бол Гэр бүлийн радио 104.5-ийн байнгын сонсогч, “Жи Пи Эс Ти” компанийн захирал О.Ганболд юм. Тэрээр өглөө бүр өөрийнхөө амьдралыг хөглөж, радиогийн хамт олон болон сонсогчдод дотно мэдрэмж төрүүлсэн эрхэм юм. Ингээд радиог хэзээнээс анх сонсож эхэлсэн тухай түүний яриа руу таныг хөтөлье.
Ганболд: Гэр бүлийн радиог би 2011 оноос хойг сонссон. Өглөөний “930 шоу”-г сонсдог Тэгээд хойноос нь залгуулаад явдаг байсан “Хос урлаг” edutainment нэвтрүүлгийг сонсдог байсан. Оройны цагаар гэвэл эрчүүдэд зориулан хүргэдэг “Босго алхаж хоймор”  нэвтрүүлгийг сонсдог. Өглөө ажилд явах замд “930 шоу” яг явж таардаг учраас сонсдог. Сүүлийн үед LIVE –аар үздэг болсон. Ер нь гэр бүлийн радиог 930 шоуг сонсоод 10 жил болсон байна. Өөр радио байхгүй юм шиг сонсдог болжээ.

Сэтгүүлч: Тэрээр өөр радио байдаггүй юм шиг л гэр бүлийн радиог үнэнчээр сонсдог. Зөвхөн радио сонсоод зогсохгүй. Радиогийн хамт олны нэгэн хэсэг мэт байдаг нь яахын аргагүй түүнийг гэр бүл радиогийн сонсогчдоос идэвхтэй сонсогч болгон тодруулсан нь гарцаагүй юм. Одоо хамтдаа радиогийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар юу гэж ярьсныг хамтдаа сонсъё.                            
Ганболд: Нийгэмд, гэр бүлүүдэд нэлээн их нөлөөлдөг гэж боддог. Яагаад гэхээр өглөө entertainment шоунаас эхлээд гэр бүлтэй холбоотой бүх л сэдвээр ярьдаг болохоор нийгэмд нөлөөлж байгаа нөлөөлөл нь маш их байдаг болов уу гэж боддог. Нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аян хүртэл хийдэг. Нийгмийн эмзэг бүлгийн хүний нэг өдрийн хоолыг бэлдэж байгаа гэдэг утгаараа сайшаалтай. Сайхан байдаг боловч цаана нь авч байгаа хүмүүс маань бид нарын тэр итгэл сэтгэл олон хүний сэтгэл шингэсэн зүйлийг аваад баярладаг. Гэхдээ нөгөө талаараа нөгөө хүмүүс маань бэлэнчлэх сэтгэлгээтэй болчих вий гэсэн эмзэглэл байдаг. Миний хувьд гэвэл радио сонссоноороо бас их нөлөөллийг авсан. Яагаад гэхээр би өөрөө гэр бүлийн тал дээр амьдралдаа алдсан хүн. Тийм учраас ханиа зөв сонгох, гэр бүлдээ тавих анхаарал халамж, зөв хандлагатай болсон. Энэ бол танай радиог сонссоны хүчинд бий болсон зүйл гэж боддог. Нэн ялангуяа мэргэжлийн гэр бүл судлаач хүн гэр бүлийн талаар баримтлан хийж байгаа нэвтрүүлгүүд бол маш чухал нэвтрүүлгүүд гэж боддог.  Машинтай явдаг хүн чинь ФМ радио л их сонсоно. Бас 930 шоуг сонсож эхэлснээс хойш радио бол миний амьдралд их нөлөөлсөн. 930 шоуны 13 дахь хуудас булан янз бүрийн хуучны дурсамж сэргээсэн зүйл их ярьдаг. Бас хэн нэгэнд туслах, дэмжих зэрэг үйл ажиллагаанууд надад их нөлөөлсөн гэж боддог.

Сэтгүүлч: Уудам, гүн амьдралаа, утга учир, үнэ цэнэ, аз жаргал, сайн сайхнаар дүүргэхийг хүсдэггүй хүн үгүй бизээ. Тэдний нэг нь Гэр бүлийн радио 104.5-ийн байнгын сонсогч О.Ганболд юм. Ургацын 20 жилээ тэмдэглэж, ололт амжилт, алдаа оноогоо тунгааж яваа Гэр бүлийн радио104.5-ийн эрхэм хүндтэй гишүүн бол сонсогч та юм. Гэр бүл бол нийгмийн хамгийн бага нэгж. Гэхдээ энэ жижигхэн нэгжээс хүн бүр аз жаргалыг мэдэрч, хүмүүжил төлөвшил, зан чанар, ёс зүйн суурь нь тогтдог. Тэгвэл сонсогч Ганболд маань гэр бүлийн үнэ цэнийн талаар энэ үнэ цэнийг хэрхэн бусдад хуваалцдаг тухай яриаг хамтдаа сонсъё.  
Ганболд: Гэр бүлийн асуудал бол хамгийн чухал асуудал л даа. Халуун ам бүлээрээ аав ээж болж өрх толгойлж амьдарна гэдэг бол их чухал асуудал. Нэн ялангуяа тогтвортой гэр бүл байх бол их чухал юм. Тийм учраас би гэр бүлийн радиог бусдад сурталчлах дуртай. Өглөөд өөр хүн миний машинд суугаад яагаад чи энэ радио сонсдог вэ? гэж асуудаг. Тэгэхээр нь би ийм ийм учиртай гээд л гэр бүлийн радиог рекламддаг. Ингэснээрээ танай радиог сонсох сонсогчдын тоо нэмэгдсэн гэж боддог. Тэгэхээр би бол радиогийнхоо салшгүй нэг хэсэг болчихсон. Гэр бүлийн радиогоор орж ирэхээр ажилдаа орж ирж байгаа юм шиг тийм нэг дотно уур амьсгал төрдөг. Үнэхээр гоё байдаг.

1045

Сэтгүүлч: Гэр бүлийн радио 104.5-ийн байнгын сонсогчид үүдээр орж ирэнгүүт л тэдний сэтгэл зүрх, харцнаас нь мэдрэгддэг. Радиогийн ажилчдыг танин мэндчилж, баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх тэр мөч бүр радиогийн бүх ажилчдад урам зориг, эрч хүч нэмдгийг энд дурдахгүй байхын аргагүй. Мөн Гэр бүлийн радио 104.5-ийн шууд эфирийн босго болсон 11-46-104-5 шууд утсаар холбогдон орж ирээд өөрийнхөө амьдралын жишээ түүх, туршлага, алдаа онооноос хуваалцдаг хүн бүрт, радиогийнхоо бүх ажилчдын өмнөө баярлалаа гэж хэлье. Та бол Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө бидэнтэй хамтран зүтгэгч юм шүү. 
Ганболд: Би гэр бүлийн радиод зочин хөтлөгчөөр анх оролцож байсан. Тэрнээс хойш олон жил болж, радио сонсогч бүх хүнд, танай хамт олонд, баярын мэнд хүргэе. Гэр бүл рүү чиглэсэн нэвтрүүлгүүдээ үргэлжлүүлэн хийгээрэй. Ахмад настнаа хайрлаж хүндэлсэн. Балчир багаа тэтгэсэн, гэр бүлийг үнэ цэнэтэй болгодог нэвтрүүлэг бэлтгэдэг та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.

Сэтгүүлч: Өнөөдөр “Радио миний амьдралд” сурвалжилгын гол дүрийн баатар Их бүтээн байгуулалтын төлөө хамтдаа уриатай “ЖиПиЭсТи” компанийн захирал О.Ганболд оролцлоо. Ухаан сэтгэл хоёроор Монгол гэр бүлийн харилцаанд аз жаргал тарьсан, ургацын 20 жилийн НЭГЭН урт түрүү байсанд тань гүнээ талархъя. Сайн цагийн эхлэлийг хамт тавилцаж, саар бүхний өөдөөс Гэр бүлийн радио 104.5-тай дуу хоршин тэмцдэг сонсогч танд баярлалаа. Таны гэр бүлийн радио ийнхүү хорин нас хүрлээ.