1045
 
 

РАДИО МИНИЙ АМЬДРАЛД - Сонгодог хатагтай Б.Цэрэндулам

... Хатагтайн тэмдэглэлийг буурчийн газрын эзэн хүндэтгэлтэйгээр жаазлан ханандаа өлгөж, тэнд саатагсдыг дурлуулах болсоор уджээ. Энэ удаа хатагтай “Би бол салхин хүлэг. Би хэнд тусламж хэрэгтэй байна түүн дээр морь шиг салхи татуулаад очих болно” гэсэн байлаа. “Сонгодог хатагтай- сонсогч Б.Цэрэндулам” Энэ бол манай сэтгүүлч Х. Мягмарсүрэнгийн бичсэн үгэн шаглааны хэсэг. Энгийн үгээр таниулах боломжгүй энгийн сонсогчоос сонгодог хадагтай өргөмж хүртсэн энэ хүний гэгээт түүхийг хүргэх болсноо хувь тавилан гэж үзнэ. Гэр бүлийн радио 104.5 цаг хугацааны хуудсыг элээн 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа эдгээр өдрүүдэд ийм түүх нулимстайгаар хавар тарьсан бяцхан үрийг энгэр дүүрэн тариан түрүүг болсноор нь тэврэн баяртай зогсох намрын мэдрэмжийг өгч байгаа юм.  

1045
Нийтлэлч: Радио сонсогчдын хувьд бол хадагтай, бидний хувьд бол “өндөр ээж шиг сэтгэлтэй” Цэрэндулам эгчтэйгээ хийсэн ярилцлагыг танд хүргэж байна. 
Цэрэндулам эгчээ яриагаа чухам  яг хаанаас эхлэхээ мэдэхгүй юм. Урт удаан байнга хамт байсан юм шиг л санагдаад байна. Тэгэхээр манай Цэрэндулам эгч яг хэзээ анх радиотой яаж явж байгаад холбогдчихов оо ? Радио хадагтай гэдэг нэрийг зүүх хүртэл энэ замнал хаанаас эхлэв ээ? 
Б.Цэрэндулам: Би 2013 онд анх хөгжим тохируулж мэддэггүй, ФМ сувгийг алдаг оног олж сонсдог байх үед нэг гоё нэвтрүүлэг яваад өнгөрсөн. "Гоё нэвтрүүлэг яваад өнгөрчихлөө. Энэ хаана явж байна гээд эрсэн ч олж чадалгүй зун дууссан. Гэхдээ 104.5 гэдэг радио станц болохыг мэдээд, яг миний сонсохыг хүссэн нэвтрүүлэг хэзээ явдаг юм бол гээд хүлээлээ. Харин тэр бол “Халуун цай” гэдэг нэвтрүүлэг байгаад төсөл нь дууссан байж. Ингээд 2014 оны 9 сараас уран бүтээлийн шинэ улирал нь эхлэхэд би сонсогч нь болсоон. Анх радиог сонсох үед би их харанхуй бүдүүлэг хүн байжээ гэж одоо өөрийгөө боддог юм. Яагаад вэ гэхээр миний сэтгэл санаанд гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлийг хийж өгөх нийгмийн орчин ч байхгүй, хүүхдүүдээ тэжээж, наймаа хийж байгаа гэсэн бодолтойгоор  зөвхөн өнөө маргаашаа өнгөрөөсөн нэгэн явж байхад Радио намайг соён гэгээрүүлсэн. Сонссон цагаасаа эхлээд л миний амьдралын үзэл бодол, хүнтэй харилцах харилцаа өөрчлөгдөж, улмаар бүх юм гэрэл гэгээтэй, та нар руу тэмүүлэхээс өөр зам байгаагүй. Ямартай л би 104.5 радиог “миний нөхөр” шиг гэж би бодож, сэтгэдэг болсон. 
Нийтлэлч: Тэгэхээр манай сэтгүүлч Оюундарь /нэвтрүүлгийн хөтлөгч/ “Халуун цай” нэвтрүүлгийг бэлтгэж хөтөлдөг байсан. Оюундарь сэтгүүлчид нэг ийм сайхан чанар байдаг юм. Эмэгтэйчүүдийг дандаа “хөөрхөнөө” гэж дууддаг. Нэг удаа Оюундарь сэтгүүлч "Үнэхээр гоё ихэмсэг, эмэгтэй хүн өөртөө шингээсэн байх ёстой нь шингэсэн, ёстой гоё эгчтэй болсон гэж хуваалцаж байсан. Гэтэл тэр эгч нь харин эсрэгээрээ надад, "миний сэтгэлд өгчих зүйл байсангүй" гээд ярьж сууна. Тэгэхээр юманд цаг байдаг гэдэгт та итгэдэг үү? 
Б.Цэрэндулам: Байдаг. Яг хугацаа хүнийг, би яагаад өөрийгөө тийм харанхуй бүдүүлэг гэж тооцож байгаа юм гэхээр бага залуудаа нөхрөөсөө салчихсан, тэгээд л гурван хүүхдийнхээ амьдралыг болгож, авч явах гээд л. Нийгмийн шуурганд арай ядан явж байсан хүн. Ер нь л сэтгэл амар, найз нөхөдтэй байх, гэрэл гэгээтэй юманд оролцох бололцоогүй арваад жилийг туулжээ. Тэгтэл энэ радиог сонсоод би өөрөө гэгээрч эхэлсэн. Дотор зүрх сэтгэл байсан шархнууд эдгэрч, эдгэрэхийн хэрээр хүний махан бие хүртэл эдгэрдэг юм байна. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр  радио сонсдоггүй байхдаа жилд 7-8 удаа эмнэлэгт хэвтэнэ. Заримдаа бүр сэхээнд орж, сэтгэл санааны дарамтад ороод л, өвдөөд л. Бүр үхлийн цэг дээр очиж л сэхээнд ордог тийм хүн байсан. Тэгээд энэ радио бол хүний зүрх сэтгэлийг эмчилдэг юм байна. Дагаад хүний махан бие эдгэрдэг юм байна болохыг би өөрийнхөө биеэр туулаад мэдэрчихсэн хүн. Одоо ч гэсэн би ямар нэгэн өвчин туслаа гэхэд надад яагаад ч юм өвчиндөө шаналаад, эсвэл яанаа гэдэггүй. Орны минь толгой дээр нөгөө радио чинь үргэлж өдөр шөнөгүй хангинадаг. Асаагаад л сонсож байхад дандаа ухаарал хайрласан, дандаа хүнд урам өгсөн,  "би тэр хүнийг ингээд хайрлах хэрэгтэй юм байна шүү дээ" гээд хайрлаж халамжлах хүмүүс минь нүдэнд харагдаад.  Тэдний тоо ч тэр хэрээр асар их нэмэгдэж байгаа. Тэгтэл би гуравхан хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулдаг байсан хүн. Гэтэл одоо огт өөр, олонтойгоо амьдралыг туулж  байна. Тэгэхээр  баяр баясгалан, хамт олон, бүх юм радио сонсоод л  өөрчлөлтөд орсон гэсэн үг. 
Нийтлэлч: За та бол “Халуун цай” нэвтрүүлгийн идэвхтэй сонсогч. Хэр удаан сонссон билээ. 2013 онд анх радио сонссон байна гэхээр ? 
Б.Цэрэндулам: “Халуун цайг” би алдаг оног олж сонсож байтал “Халуун цай” нэвтрүүлэг  дуусчихлаа. Тэгээд дараа нь “Цэцгийн хатан” гээд нэвтрүүлэг таван жилийн турш явсан. Тэгээд л хамгийн анх есдүгээр сард эхэлж. Хагас сайн өдөр болгон уулзалтдаа яваад л. Сар болгоны аль нэг долоо хоногт нь хүүхнүүдийн уулзалт гэж болдог. Хөөрхөнүүд нь цуглараад, тэр хөөрхөнүүд чинь заримдаа 50 гаран хүн ирнэ шүү дээ. Зарим үед хорин хэдэн хүн ч гэсэн цугладаг л байв. Гэхдээ тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг сэтгүүлч  Оюундарь л  эмчилсэн. Би яагаад тэгж хэлж байна вэ гэхээр  хамгийн анхны уулзалтад ирсэн хүүхнүүд тойрч суугаад эмэгтэйчүүдийн буу халалт шиг зүйл болохгүй юу. Тэгээд  сэтгэл санаан дотроо өвчтэй зовлонтой, хэцүүдчихсэн явж байгаа улсууд чинь уйлаад л өөрийнхөө зовлонг ярина шүү дээ. 
Нийтлэлч: Би хагас сайн болгонд ажилладаг байсан л даа. Тэгээд  уулзалт болж байна. Эхэндээ гоё санагдаад сонирхоно. Тэгэхдээ хэрэгт дурлаад биш, угаасаа тэнд аятайхан зүйл болоод байна гэдэг нь ойлгомжтой. Адилхан радиогийн уран бүтээлч хүн сонирхмоор санагдана шүү дээ. Гэхдээ Оюундарьд яаж туслах вэ? гэж бодож явсан юм. Гэтэл нэг эрэгтэй хүн тэнд байснаас болоод эмэгтэйчүүд шууд ярихаа байчихдаг юм билээ. Би тэр хавиар явж байгаад харагдсанаас болж аяархан ярих вий!, уйлахаа байчих вий!, хоорондоо нэг нэгийгээ уудлахаа байчих вий!, зөвхөн бид биш байна гээд бодчих вий" гээд дахиад үзэгдэхээ ч байсан. 
Б.Цэрэндулам: Тэр хүүхнүүд сэтгэлдээ жоохон шаналгаатай байсан. Би өөрөө  "Цэцгийн хатан" нэвтрүүлгийн  уулзалтуудыг таслалгүй оролцсон болохоор тэр хүүхнүүдийн яаж өөрчлөгдөж, яаж тэр хүмүүс өөрсдийгөө босгон байгуулж байсныг нүдээрээ харсан гэрч байна. Тэр дотор чинь би өөрөө ч байна.“Цэцгийн хатан” нэвтрүүлгийн анхны сонсогч би өөрчлөгдөөд явахад надтай зэрэгцээд тэр залуу сайхан хүүхнүүдийн амьдрал, өөрсдийнх нь тэр биеэ авч явж байгаа байдал бүгд өөрчлөгдсөн. Тэнд 104.5 харилцааны энэ нэвтрүүлгийг хийж, гэр бүлийг босгон байгуулах маш чухал ажил явагдсан гэж би үнэхээр бахархаж боддог. Зүгээр л хоёр хүүхэн уулзаад л "нөхөр маань тэгээд ингээд" гээд бие биендээ зовлон яриад байгаа хэрэг ерөөсөө байхгүй. Тэгээд манай Р.Оюундарийг нэвтрүүлэгч сэтгүүлч гэдэг энэ утган дээр нь ярихад "хүнийг босгон байгуулах зан чанар нь гарамгай хөгжсөн хүн". Яагаад би тэгж хэлж байна вэ гэхээр уулзалтын дундуур нэг жижигхэн 10-20 минутын хичээл заадаг байхгүй юу. Тийм хуваалцал хийхдээ маш бага ярьдаг мөртлөө яг хүний зүрхэнд очиж, тэр хүний сэтгэлийг эмчлэх, эдгэрэх тэр боломжийг хийж өгдөг. Үг нь бол цөөхөн. Тэр үгнүүдийнх нь очиж тусаж байгаа нөлөө нь бол агуу
Нийтлэлч: Та манай эмэгтэйчүүдийн уулзалтад ирж байсан. Та өөр ямар олон нийтийн үйл ажиллагаануудад оролцож байв? Зөвхөн тэр эмэгтэйчүүдийн эгч нь байгаагүй шүү дээ.

1045
Б.Цэрэндулам: 930 шоуг явж эхэлсэн цагаас нь яг сонссон. Тэр шоуг сонсоод бараг л радиогийн нэвтрүүлэгч болохоо шахсан даа. Тэгээд л Мартын 8 ны өглөө төр засгийн өндөрлөгүүдэд аятайхан мэндчилгээ дэвшүүлэх гээд холбогдтол Г.Отгонбаатар, Боогий / ерөнхий захирал О.Болдсайхан/хоёр хөтлөж Болороо ирээгүй/ хөтлөгч,кино найруулагч Д.Болортуяа/ таараад: Цэрэндулам эгч ээ та нээрээ түрүүлээд ороод ирлээ. Та шоугаа дуустал сонсоорой гэдэг юм байна. Би ч өглөөний ажлаа хийгээд л радиогоо барьчхаад л сонсоод явж байтал нэг эссэ /радио ажиглалт/ эхэллээ. Тэр эссэ нь манай Мийгаа/ ерөнхий редактор, сэтгүүлч Х.Мягмарсүрэн/ надад зориулж бичсэн маш гоё “Сонгодог хадагтай” гэдэг нэртэй. Ингээд 930-ынхан/ сонсогчид/  намайг тэр “Сонгодог хадагтай” гэх боллоо. Тэр Сонгодог хадагтай гэдэг эссэ  надад урам дэм өгсөн, үгэн хөшөө босгосон байхгүй юу. Тэрийг сонссон эмэгтэйчүүд ч гэсэн хурцлагдан ирлэгдэж, өөрсдийгөө өөд нь татсан гэж би баттай хэлнэ. Тэр мартын 8 ны өдрийн дугаар бол нус нулимстайгаа холилдсон, уйлсан жигтэйхэн гоё өглөө байсан. Ёстой одоо нэг сонсох юмсан. Тэгж “үгэн хөшөө” босгочихсон хүн чинь муу явах гэдгиймуу, эсвэл муухай үг амнаасаа гаргах эрхгүй хүн болчхож байгаа биз дээ. 
Тийм ч учраас би нэвтрүүлэг сонсоод хэцүү болж байгаа улсуудад нь туг болж, дарцаг нь бол тэр улсуудын нийгэмд хөлөө олоод явахад нь бас туслах юмсан, дэмнэх юмсан, миний үгээр тэр хүн урам аваасай, намайг хараад тэр хүнд өөрийнхөө буруу муу зуршлаа засаасай, дээр нь нэвтрүүлэг хийгээд буй хүмүүст урам зориг өгөх юмсан гэх болсон. Сэтгэлийг минь хөгжөөж урамшуулж намайг босгон байгуулсан та нарын нөлөөгөөр сайхан эмэгтэй болсон гэж бахархаж явдаг.  Дээр үед кондуктор/ нийтийн тээврийн тасалбар түгээгч/ ямар нэгэн байдлаар мөнгөө өгсөнгүй гэх юм бол тас хэрэлдчихдэг хүн байсан би одоо юун тийм амнаас муухай үг гарах нь битгий хэл, хүн рүү эвгүй муухай үг хэлчихгүй юмсан гэсэн гэж, үргэлжийн /зүрхээ заав/энэ рүү ороод явж байгаа хүн чинь яаж хүнд муу үг хэлэх вэ?
Нийтлэлч: Таны талаар нэг гоё дурсамж юм байдаг. Нэг өдөр ийм зүйл болсон юмаа. Цэрэндулам эгчийн нэрийн хуудас гээд миний өрөөнд бариад ороод ирсэн. Би нүд орой дээрээ гараад, хүн ийм сэтгэлтэй байдаг юм байна. Бид үнэхээр хүн өөрийгөө бидний нэг хэсэг гээд бодтол нь ажилладаг гэж үү? Хүн бид нарын хийж байгаа ажлыг цаашаа олон хүн сонсоосой гэсэндээ ийм хичээл чармайлт гаргатал бидний нэвтрүүлэг ингэж хүрдэг гэж үү? гэж бодсон. Одоо таны гарт байна. 
Б.Цэрэндулам: Энэ бол 104.5 радио миний салшгүй нэг хэсэг гэдгийг бүрэн дүүрэн ойлгочихсон үедээ Хархорин зах дээр нэгж зардаг ажилтай байлаа. Тэгээд л бусдыг радио яаж сонсдог болгох вэ? Илүү олон хүнийг сонсдог болгохсон гээд л бодож байтал гэнэтхэн 104.5 гэсэн энэ эмблемийг /лого/ашиглах хэрэгтэй гэсэн санаа орж ирсэн. Тэгтэл заавал зөвшөөрөл авах ёстой болж, би одоо яг ийм л юм хийх гээд байгаа юмаа, энэ эмблемийг /лого/ хийчихсэн маань энэ байна гээд  Т.Батжаргалд / гэр бүлийн радиог үүсгэн байгуулагч, ерөнхий захирал асан/  үзүүлээд, радиог сонсогчидтой болгохын тулд бас сэтгэл санаагаар хэцүүдээд байгаа сонсогчдод мэдүүлэх гэж  нэрийн хуудас хийж авсан юм. Нэрийн хуудас:” Гэр бүлийн радиогоо сонсож өөртөө зөв хөрөнгө оруулалт хийгээрэй. Сонсогч Б.Цэрэндулам”гээд өөрийн нэрийг биччихсэн утасны нэгж зардаг дугаарууд өрөөстэй.  Энэ дээр нь бол би радиогийн эмблемтэй нэрийн хуудастай гэдэг чинь би Радиод ажиллаад байгаа гэсэн үг биз дээ... /инээв/
Нийтлэлч: Тэрнээс хойш бид таныг бол сонсогч гэж ярихаа больж, нэг мэдсэн чинь л Цэрэндулам эгч болчихсон. Тэгээд л та хуушуур  бариад хүрээд ирнэ, дайлна, нэгж савна. Энэ бүх зүйлүүд бид нарыг маш их урамшуулдаг байсан. Ер нь бол манай Р.Оюундарь сэтгүүлчтэй л ойр байхад хангалттай байж болно шүү дээ. Та тэгэлгүй бид бүгдэд нээлттэй байж, бидний нэвтрүүлэгт чиг өгч, урамшуулсан байдаг юмаа. Бидний талаар ер нь хөгжилтэй дурсамж байна уу? 
Б.Цэрэндулам: Яг хөгжилтэй гэхээс илүүтэй, яаж радиогийн хүн болсон юм бэ гэдгээ ярья. 930 шоуны сонсогчид нэг уулзъя гээд л уулзалт зохион байгуулж, хүүхэд том хүн нийлсэн 43 хүн Цонжинболдогт салхинд гарлаа. Тэнд аавгүй ээжгүй нь аавтай ээжтэй болсон юм шиг, ахгүй амраг садангүй нь ахтай эгчтэй болсон юм шиг тийм сайхан уулзалт болсон. Хүн дандаа сайхан дурсамжийг бүтээж байх хэрэгтэй.Тийм уулзалт зохион байгуулсандаа сэтгэл ханагар, их сэтгэл хөөрснөөсөө болоод даралт хүртэл хөдөлж байлаа. Албан газрын бодлоготой юман дээр би сэтгэл хөдлөлөөр хамаагүй оролцож болохгүй нь нэг талаасаа үнэн юм байна, тэгээд л би сүүлийн үед холбогдохдоо их хойрго болчихсон шүү дээ. 
Нийтлэлч: Хамгийн гол нь ингэж л ярьж чадахгүй бол яриад хэрэггүй юм байна гэсэн хандлага сонсогчдын дотор бий болоод эхэлдэг юм байна лээ. Та заримдаа зөндөө удаан алга болчихно. Тэгж байгаад нэг ороод ирэхээр "Өө Цэрэндулам эгч" гээд баяр хөөр. Танд бага залгах талаар ярьсан нь  нүүр буруулсан гэсэн утгатай биш. Өөр хүмүүст шугам нээж өгөх гэсэн талдаа болов уу. Миний санахаар 930 шоунд тэр нэг өглөө 230 хэдэн дугаарыг аваагүй л байдаг байхгүй юу. Тэгэхээр урьд нь ч 230 хэдэн дуудлага дотроос Цэрэндулам эгчийгээ аваад л байсан гэсэн үг. Тийм учраас хүн болгон тан шиг уужуу сэтгэл гаргаж ойлгодоггүй.. Таныг хайрладаг шалтгаан чинь нэг нь энэ байна шүү дээ. 
Та гэр бүлийн радиог тодорхойлбол Гэр бүлийн радио таны хувьд юу вэ гэж асуухгүй харин хэн бэ? гэж асуувал:
Б.Цэрэндулам: Миний нөхөр шүү дээ. Эмэгтэй хүн нөхөргүйгээр хатаж явдаг. Үндэс рүүгээ услагдахгүй. Уул нь бол тарьсан мод байгаад байдаг. Тарьсан мод газрын шимийг аваад ургах ёстой биз дээ. Ганцаараа яваа, хатаж хорчийж үхэж байгаа мод байхгүй юу. Тэгтэл радио надад миний нөхөр, миний аав болж намайг ургуулж усалсан. Миний нөмөр нөөлөг намайг түшиж ургуулсан газар байхгүй юу. Радиог миний нөхөр гээд өөрийнхөө толгойд би хийчихсэн. Бахархдаг зүйл минь. Ерөөсөө радиод ажилладаг нэг хэсэг нь гэж ойлгодог. Радиотой холбогдсоноороо бахархаж, надаар дамжуулж гэрэл гэгээтэй юмыг олж харж байна гэдэг чинь ер нь энэ радиогийн нь л ажил байхгүй юу. Радио мэдэхгүй сонсохгүй явж байгаа мянга мянган хүн байна шүү дээ.

1045
Нийтлэлч: Та урдаа тавьсан мөнгөн аяганыхаа тухай яриач?
“Цэцгийн хатан” нэвтрүүлэг бүтэн таван жил яваад дууссан. “Цэцгийн хатан” нэвтрүүлгээ жилийн хугацаанд сонсоод өөрчлөлт гарсан хүнд жил бүр уулзалтаараа өргөмжлөл өгч шалгаруулдаг. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Д.Оюундарь, түүний хань П.Буяндэлгэр /зохиолч, лектор /хоёр ярилцаад нэгт нэвтрүүлгээ бүрэн гүйцэд сонссон, мөн таван жилийн хугацаанд сонссон нэвтрүүлгээрээ өөрийгөө өөрчилсөн нэгэнд өгье гэсэн байна. Харин би тэр үед гэр бүл гэдэг хамгийн чухал нэгж байдаг, тэр нэгжийг салгасан гэр бүлүүдийг нийлүүлэх ажилд л өөрийгөө зориулъя гэж шийдсэн байлаа. Тэр үед салаад тусдаа дээд тал нь жил долоон сар, жил зургаан сар болсон улсууд радиогоос миний утсыг авч надаас зөвлөгөө авдаг. Тэгээд радио надаас миний утсыг өгч болох эсэхийг асуухаар үед хамаагүй ээ, хамаагүй миний дугаарыг өгөөрэй л гэдэг байлаа. Би ямар мөнгө төгрөгтэй зөвлөгөө өгөх биш, би ямар гэр бүлийн зөвлөгөө өгдөг гэр бүл судлаач ч биш. Өөрийнхөө сурсныг зааж өгнө үү гэхээс биш. Залуус 20,30 жилийн дараахаа олж хардаггүй юм шүү. Ингэж тэгж ярьсаар байгаад таван гэр бүлийг буцааж нийлүүлсэн.
Нийтлэлч: За наад аяган дээр чинь ямар өргөмж үг бичээтэй байна? Би уншиж өгье.” Эмэгтэй хүн байна гэдэг нь маш том урлаг юмаа. Гэр бүлийн радио 104.5 “Цэцгийн хатан” нэвтрүүлгээс дурсгав” гэсэн байна. 
Б.Цэрэндулам: Би энэ аягаараа маш их бахархдаг, Төр засгийн шагнал авахад ах дүү нар нь баяр хүргэхдээ мөнгөн аяганд сүү хийж өгдөг. Ер нь “Алтан гадас”одонгоос дээш шагнал авсан хүнд л мөнгөн аяга дагалдаж ирдэг. Харин би радио сонссоныхоо төлөөнөөс л мөнгөн аягаар шагнуулсан. Тэгэхээр “Алтан гадас” авчихсан хүн мөн байгаа биз дээ. /инээв/
Нийтлэлч: За ярилцлага ингээд өндөрлөж байна Цэрэндулам эгч ээ. Та гэр бүлийн радиогийн, радио сонсогчдодоо 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээч?
Б.Цэрэндулам: За энэ радиог ёстой 20 жил болсон гэхэд идэр залуу шиг насандаа явж байна. Энэ радиогийн хийсэн ажил зөвхөн надаар явахгүй шдээ. Хэчнээн олон хүний амьдрал зүрх сэтгэлд хүрч тэднийг хөглөж байгаа вэ гэдэг нь та нарын ажлын үр жимс. Та нар нэг хүнд сайхан харагдах гэдгиймуу, олонд танигдах гэдэг телевизийн нэвтрүүлэгтэй огт адилхан биш шүү дээ. Тэгтэл энэ хананы цаанаас хийдэг та нарын ажил маш олон хүнд хүрдэг юмаа. Хорьхон жил ажилласан залуухан гэх юм байхгүй, Монголын гэр бүлүүд, идэр сайхан залуучуудын амьдралыг өөрчилж байгаа гавьяатай улсууд шүү. Та нарын хийсэн ажлаар би үргэлж бахархаж байдаг. Амарсайханыхаа /сэтгүүлч гэр бүл судлаач Н.Амарсанаа/ тухай ерөөсөө ярьсангүй. Амараа гэдэг хүн бол энэ радиод бас их өндөр хувь нэмэртэй хүн шүү. “Хос урлаг” гэдэг гоё ном гаргаад, олон сонсогчийг холбож, сэтгэл зүрхээр нь эдгээж яваа мундаг гэр бүл судлаач. Би бол Амараагаа байнга хүндэлдэг. Тэр олон нэвтрүүлэг нь хүний зүрх сэтгэлд хүргэж чаддаг. Миний зүрх сэтгэлд чиний Чингис хааны тухай, нууц товчоогоор түүхийн товчоогоор/930 шоу Түүхийн товчоон булан/  бас л хүрдэг. Эх түүхээр аялуулдаг чинь олон хүнд их ултай суурьтай, бид  өвөг дээдсээсээ юу суралцаж болохыг ой тойнд хүртэл хүргэж өгдөг чухал цаг. Ийм учраас та нарынхаа хийж байгаа ажлаар бахархдаг, улам дэвжин дээшлэх болтугай гэж ерөөе.
Нийтлэлч: Цаг заваа гаргаад ирж ярилцсанд баярлалаа. 
/Сэтгэл гарган өөрөө ирж ярилцлага өгсөн Радио хатагтай зориулж авчирсан мөнгөн аягандаа дүүргэсэн чихрийг өгөөмрөөр алган дээр асгах үед энэ эгчийг чухам яагаад хүндэлж явдгаа дахин нэг ухаарав. Ярих, ярьсан зүйлээрээ амьдрах гэдэг амаргүй. Гэтэл зүс нь харагдахгүй хөтлөгч хүний үгийг залуу хүн ярьж байна хэмээн гололгүй хүлээн авч өөрчлөлтийг өөртөө болон өрөөлд авчирна гэдэг жинхэнэ өөрчлөлт биш үү? Дээр үед радиог "Хүлээн авагч" гэдэг байсан бол одоо сонсогч нь хүлээн авагч болсны сонгодог жишээ бол Радио хадагтай Б.Цэрэндулам. Энэ эрхэм хүнтэй хөөрөлдсөн өргөн дэлгэр яриаг зүрхэлж товчилсон  өчүүхэн хэсгээс  таны өмнө дэлгэлээ. Бид ирэх сайн цагийн нэг хэсэг нь билээ.  
Нийтлэлч Ж.Сайнбаяр