1045
 
 

ХОГ ХАЯГДЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

1045

Дархан-Уул аймгийн аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Технологи Бридж” ХХК-ийн Ерөнхий захирал П.Очирпүрэв нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх, шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлж дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нутагшуулахад оршжээ.

Энэ хүрээнд САНАМЖ бичиг байгуулсан “Технологи бриж” ХХК нь хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин RVM төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байршуулах юм байна.

Мөн хог хаягдлын менежментийн иж бүрэн цогц төслийг хэрэгжүүлж сургууль, цэцэрлэг үйлчилгээний байгууллагууд бүх төрлийн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, шахаж нягтруулах  зориулалттай “MVM” төхөөрөмж, бүх төрлийн хуванцарийг нэг системээр дахин боловсруулах, барилгын болон зам талбайн хавтан, тохижилтын материал үйлдвэрлэх боломжтой үйлдвэрийн шугам технологийг нэвтрүүлэх ажээ.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, зөв шийдэлтэй, эдийн засгийн үр ашигтай ногоон бизнесийн үйл ажиллагааны шинэ шийдлийг хэрэгжүүлж, Монгол улсын хэмжээнд дахин боловсруулах технологи, үлдэгдэлгүй хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх үйл ажиллагааны жишиг эхлэлийг тавих давуу талтай юм.