1045
 
 

РАДИО МИНИЙ АМЬДРАЛД| Үлгэр дуурайл үзүүлэгч Түмэнжаргалын гэр бүл

Өдөр бүр хамт байж, гэр бүлээрээ утга учир бүхий мэдээ мэдээллийг хүлээн аван сонсож, өөрсдийн оролцоог үзүүлэгчийн нэг бол өглөө бүр “BIG BOSS нь байна. Гэрлээ асаалаа” гээд смс ирүүлдэг онцгой нэгэн гэр бүл юм.  Бидний дэргэд эгэл баатрууд оршин байдгийн тод илрэл гэлтэй энэ гэр бүлийн ам бүл тав. Радиогийнхоо 20 жилийн ойгоороо Өрхийн тэргүүн болох Түмэнжаргал гэргий Оюундарь болоод бага хүү Буянхишиг нарын радиотой холбогдсон түүхийг онцлог болгон ярилцлага авсан юм. Радио маань хэрхэн үлгэр дуурайлал болж зөв нөлөө үзүүлж чадсан талаар уншигч танд ч мөн сонирхуулъя.
            Гэр бүлийн радиог хэзээнээс сонсож эхэлсэн бэ?
Ээж Оюундарь: 104.5-ийг машинд явж байхдаа хаяадаа сонсдог байсан. Бага хүү болох Буянхишигийгээ нэгдүгээр ангид орох жилээс нь яг тогтмол өглөөний 930 нэвтрүүлгийг сонсож эхэлсэн.
Хүү Буянхишиг: Нэгдүгээр ангид ороод машинаар явж эхлэхдээ анх 930-ийг сонирхсон. Тэгээд маш их гоё байсан.

Яг юу нь сонирхлыг тань татаж байв? Зүс царай нь харагдаж үзэгдэхгүй томчууд яриад л байгаа шүү дээ.
Хүү Буян хишиг: Үлгэр. “Бяцхан домч”-оо сонсоод аймар гоё байсан. Мөн гэрэл асаах нь гоё байсан.

Тэгэхээр Буянхишиг маань одоо хэдэн настай вэ? Одоо ч гэсэн сонссоор байгаа юу?
Хүү Буян хишиг: Тийн одоо ч гэсэн сонсож байгаа. Дөрвөн жил

1045

Гэр бүлийн радиог танай гэр бүл юу гэж тодорхойлох вэ?
Ээж Оюундарь: Гэр бүлтэйгээ өнгөрөөх бас нэг мөч болсон л доо. Яагаад гэвэл 930-ийг сонссоноос хойш 9 сарын 30 болгонд тодорхой өдөрлөг зохион байгуулдаг. Тэр үед хүү маань байнга тийшээ явъя, тэгж ингэж гүйнэ гэхээр яг гэр бүлээрээ бид хэд очоод нэг өдрийг хамтдаа өнгөрөөх нь үр өгөөжтэй маш гоё агаарлалт салхилалт гэдэг ч юм уу нөгөө талаараа биеийн тамирын цаг гэдэг ч юм уу аятайхан байсан. Бид нарын анх удаагаа очсон өдөрлөгт манай хүү түрүүлээд, шагнал хүртэл аваад, аав ээж ах нартайгаа очоод гүйх нь гоё байсан л даа.

Манай радиогийн үйл ажиллагаанд оролцдогт маш их баярлалаа. Танай гэр бүл ер нь нийгмийн идэвхи сайтай гэр бүл үү? Радиогийн явуулдаг үйл ажиллагаанд оролцоход юу их нөлөөлсөн бэ?
Ээж Оюундарь: Хамгийн анх 930-ийг сонсохдоо Буянхишиг гээд өөрийнхөө нэрээр явдаг байсан. Тэгээд нэг удаа аав нь “хоёулаа NICK NAME тэй болвол гоё юм биш үү? Ямар нэрээр хоёулаа орох уу” гээд асуусан юм. Тэр үед хүү маань “Big Boss” гэдэг кино үзээд тэрүүгээрээ оръё гээд. Түүнээс хойш Биг Босс гэдэг болсон. Одоо бараг 930-ийг сонсдог сонсогч нар нь Буянхишиг нэрээр нь биш Биг Босс гэдэг нэрээр нь мэддэг байх. Тэгээд сонссоноосоо хойш манай хүүхэд гэртээ ээж аавтайгаа аялал зугаалга, найз нөхөд гээд явна лдаа. Гол нь нөгөө хүүхэд өөрөө яг шимтэн сонсдог. Машиндаа ороод л “За тавиараа тавиараа. Одоо гэрлээ асаана, бяцхан домч явна, оньсого таалгуулна” гээд өөр маш их сонирхолтой. Тийм болохоор радионоос зохион байгуулж байгаа аянд “ээж би энд оролцъё, ааваа би хамт явъя, бүгдээрээ хамт явъя” гээд уриалаад байхаар бид нарын хувьд хүүхдийн хүмүүжилд маш том түлхэц өгч байна гэж ойлгодог. Дандаа утас ширтээд ч юмуу, дандаа зурагт хараад байхгүй чихээрээ юм сонсоод танин мэдээд, бусадтай танилцаж байгаа болохоор зэрэг хүүхдээ дэмжих маягаар анх удаагаа гэр бүлээрээ олон нийтийн радиогийн үйл ажиллагаанд оролцсон. Түүнээс өмнө нь бол ийм олон нийтийн үйл ажиллагаанд оролцож үзэж байгаагүй л дээ. Ер нь 930-ийнханд л оролцдог. Энэ бол яг цэвэр хүүхдийнхээ дэмжсэн, сонирхож байгаа юманд түлхэц өгч байгаа хэлбэр юм даа.

Тэгэхээр хүүхдийн хүсэл сонирхлыг дэмжсэн гэж байна. Эндээс хүүхэдтэйгээ харилцах харилцаанд эерэг дэвшил гарсан уу?
Ээж Оюундарь: Манайх гурван хүүтэй л дээ. Буянхишиг бол хамгийн бага нь. Манай хоёр том хүү бол хоёулаа тамирчин учраас гэр бүлийн хувьд дулаан уур амьсгалтай. Аав нь ялангуяа хүүхдүүддээ маш сайн анхаарал тавьдаг. Эерэг гэх юм бол илүү тодорхой цаг гаргадаг болсон байна. Ажилтай ажилтай гээд л гэртээ бас нээх айхтар олон цагийг өнгөрөөж чадахгүй байсан ч гэсэн тухайн өдрийг хүүхэд өөрөө хүсээд явъя гэх юм бол ажил хичээлээсээ чөлөө аваад яг хүүхдэдээ зориулдаг болсон явдал нь эерэг өөрчлөлт юм даа.

Бяцхан домчоороо хүүхдүүдэд тухайн өдөртөө биелүүлэх даалгавар, сургамж өгдөг. Түүнийгээ манай Буянхишиг хэр сайн биелүүлдэг вэ?
/Аав ээждээ тусалдаг, ээждээ хайртай гээд үнэсээд байдаг ш дээ тэ. Тэгээд бас найздаа тусалдаг, зөрүүд зан гаргахаа больсон байгаа тэ/
Яахав ийм. Манай хүүхэд ер нь их зөрүүд байхгүй юу. Тэгээд Отгоо ахынхаа ярьсан юмнуудаас зөрүүд хүүхдийн талаар, найздаа тусалдаг юмнуудыг маш их хэрэгжүүлж байгаа. Ангийнхаа хүүхдүүдтэй муудалцахаа больсон. Тэгээд дээрээс нь зөрүүд зангаа татдаг болж байгаа. Хамгийн авууштай юм нь Отгоо ахынхаа ярьсанд болгонд маш дуулгавартай ордог. Хүүхэд юм болохоороо тухайн үедээ маш сайн хэрэгжүүлчхээд одоо мартчихаад байх шиг байна.

Аав ээжийн хувьд радио сонссоноор ямар үр жимсийг ургуулсан бэ?
Одоо нөгөө бүх юм сошиал болсон үед бол хаяа ч гэсэн утсаа орхиод сонсдог. Радио бол их давуу талтай юм шиг санагддаг. Хүүхэд хичээлдээ яваагүй байсан ч гэсэн “Өө нөгөө 930 аа сонсъё” гэдэг.  Ямар нэг байдлаар оролцоотой байхыг хичээдэг болсон нь ч бидний хувьд бүүр дадал болчихсон байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь гэрлээ асаахдаа өдөр бүр өөр өөр байдлаар хамраараа, картаараа, духаараа гэх мэтчилэн дардаг байдал нь бидний хувьд бүр хүсэн хүлээдэг мөч гэхэд болно. Тэгээд заримдаа машин явахгүй өдөр хүүхдээ эрт хүргэж өгдөг. Тэр үед сургуулийн гадаа 7 цаг 50 минут хүртэл хүлээж байгаад гэрэл анивчуулчхаад ордог ч юм уу. Манай хүүхдийн бүүр хамгийн дуртай зүйл нь гэрэл асаах.

1045

Гэр бүлийн радиотой холбоотой сэтгэлд үлдсэн тод дурсамж дурдаач гэвэл юуг онцлох вэ?
Хамгийн тод үлдсэн юм гэвэл Түмэннаст хүүгийн хандивын арга хэмжээнд манай хүүхэд маш их ач холбогдол өгсөн. Яагаад гэвэл яг дээд талынхан ах нь таеквондогийн тамирчин. Тэгээд бас ахтай нь нас чяцуу байсан. Тийм болохоор “манай ахтай чацуу юм байна. Энэ ахад тусалъя” гээд бүүр өөрөө санаачлаг гаргаад  “Ээжээ та мөнгө шилжүүлчих. Би дараа нь танд хадгаламжаасаа өгье” гэдэг ч юм уу. Тэр хүүхдийн үйл ажиллагаанд бүр маш идэвхтэй оролцсон. Бас нөгөө “Бяцхан гар танаар дутна” гэдэг нүүрс өгдөг аянд оролцъё гээд орж байсан. Гэхдээ илүүтэй Түмэннаст хүүгийн хандивын аянд их цохилж, бараг хоёр гурван хандив шилжүүлж оролцсон. Тэгээд л хоёулаа очиж заавал гүйнэ шүү гээд байн байн хэлээд л. Ахтай нь адилхан санагдсан шиг байгаа юм. Гүн сэтгэгдэлтэй, их харамсалтай санагдаж байх шиг байсан.

Маш их баярлалаа. Тэгээд манай радиогийн 20 жилийн ой болж байгаа учраас танай гэр бүл мэндчилгээ дэвшүүлж өгөөч.
За ингээд Гэр бүлийн радио 104.5-ийн хамт олондоо цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Уран бүтээлийн арвин баялагтай байж, илүү олон сайхан контент үйлдвэрлэхийг хүсэн ерөөе өө.

Сүүлийн асуулт. Гэр бүлийн радиогоо маш богиноор илэрхийлбэл таны хувьд?
Ээж: Аз жаргалтай гэр бүл
Биг Босс: Хөгжилтэй

Сайн нөлөө бусдад эерэг сайхан тусгалтай. Тэдний маань өглөө бүр хамт байгаагаа илэрхийлдэг мсж бусад сонсогчдод маань ч сэдэл, хүсэл болж өгдөг нь дамжиггүй. Оюунд үнэ цэнэ өгч чадах нэвтрүүлэг хөтөлбөр бэлтгэх гэж зүдэн зүтгэж буй сэтгүүлч хөтлөгч нарт маань хамт байгаагаа илэрхийлдэг энэ гэр бүл шиг урам зориг гэж үгүй. Сонсогч та үгүйсэн бол бидний хийж буй зүйл нь хоосноос хоосон төдийгүй, нүргэлэх харанга хангинах цан билээ. Тиймээс 20 жилийн турш биднийгээ дэмжиж, хамтдаа сайн ирээдүйг авчрах их үйлсэд маань нэгдэн байдаг сонсогч танд Гэр бүлийн радиогийн үе үеийн уран бүтээлч нарын өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Сайн цагийг бүтээе.

Сурвалжилга хийсэн сэтгүүлч Ш.Батбаяр