1045
 
 

ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ 80 ХУВЬ ХОЖУУ ҮЕДЭЭ ОНОШЛОГДОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шат үргэлжилж байна. Үндэсний хөтөлбөрийн I үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353 мянга 445 иргэн гепатитын В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамарсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлж байна. Харин аймгууд дахь гепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамарсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм.Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэж байгаа билээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг гепатитын хамруулах юм. 15-аас дээш насны иргэд харьяа дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах ажээ. Энэ талаар БЗД-ийн Эмнэхүй ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан н.Болороос тодрууллаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд гепатитын В, С вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийхээр төлөвлөсөн. Иймд иргэд вирусийн шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай.
ХСҮТ-ийн статистик мэдээллээр, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын эхний байрт орж байна. 2017 онд элэгний хорт хавдрын шинэ тохиолдол 2312 бүртгэгдсэний 53 хувь нь эрэгтэйчүүд, 47 нь эмэгтэйчүүд байна. Нийт шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатанд бүртгэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа юм. Тиймээс 15-39 насны хүүхэд залуус, өмнөх шатны илрүүлэг, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-аас дээш насны ахмад настнууддаа эрүүл мэндээ хамгаалах энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.