1045
 
 

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус холбооноос хоёр жил тутам “Эрдэс боловсруулалт –2018” олон улсын онол практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү хурлаар тухайн жилүүдэд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинээр нэвтрүүлсэн техник, технологийн дэвшлээрээ мэдлэгээ солилцон туршлага судалдаг томоохон талбар болон өргөжжээ. “Эрдэс боловсруулалт-2018” олон улсын бага хуралд ОХУ, ХБНГУ, Япон, БНХАУ, Франц, Австрали Монгол улсаас нийт 80 орчим судлаачдын 35 гаруй бүтээл хэлэлцэгдэж байна. Энэ талаар Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзоригоос тодрууллаа.
Манай холбоо байгуулагдаад 20 жил болж байна. 20 жилийнхээ ойн хүрээнд олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой байгаа. Энэхүү хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ жил дөрөв дэх удаагийнх юм. Мөн Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жил, ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25 жилийн ойтой бас давхцаж байгаа юм. Эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая гэж хэлье.
Аливаа судалгааны үр дүн эдийн засгийн үр ашгийг авчирч, бизнесийн амжилт судалгаанд суурилсан байх зарчмыг баримталдаг. Ийм ч учраас өмнөх хуралд оролцсон судлаач, уулын баяжуулах үйлдвэрийн төлөөлөгчид хамтран ажиллах санал солилцон гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын зөвлөх, Монгол улсын гавьяат уурхайчин Д.Цогбаатр хэлэхдээ:
Би уул уурхайн салбарт 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт 1977 онд очоод ажиллаж байхад баяжуулагч мэргэжилтэй хүн цөөхөн байсан. 40 жилийн дараа харахад бүхэл бүтэн арми бий болжээ. Хэрхэн яаж ажиллах талаар нарийн судалгаанд хүрсэн нь энд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүдээс харагдаж байна.
Олон улсын бага хурлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хамтран зохион байгуулж, Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Үндэсний үйлдвэрлэгч “Энержи ресурс” ХХК дэмжин ажиллажээ. Хуралд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийн 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.