1045
 
 

СУРГУУЛИУДЫН 45,4 ХУВЬ НЬ ХҮҮХДЭД ИЛЧЛЭГ БАГАТАЙ ХООЛООР ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Үдийн цай хөтөлбөр нэг хүүхдийн 600 төгрөгөөр тооцдог нь 10 жилийн өмнө баталсан тооцоолол юм. Гэвч өнөөдөр энэ мөнгөөр хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байгааг Нийслэлийн МХГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ. Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хамрагджээ. Цайны газруудын 74 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75,6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54,6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг байна. Харин үлдсэн 45,4 хувь нь хүүхдэд илчлэг багатай хоолоор үйлчилж байгаа ажээ. Энэ талаар Нийслэлийн МХГ-ын боловсрол эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
Нийслэлийн засаг даргаас өгөгдсөн даалгаврын дагуу нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн 83 сургууль зориулалтын цайны газартай, 46 нь зориулалтын бус өрөө тасалгааг өөрчлөн засварласан найм нь  цайны газаргүй байна.
Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг дурдвал мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулсан. Мөн цайны газрын технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй зөрчлүүд илэрчээ. Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35,4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодисыг тооцохгүй үйл ажиллагаа явуулж байсан байна.