1045
 
 

ГАЛ ТҮЙМРИЙН 25 ХУВЬ НЬ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ГАРЧЭЭ

2018 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 365 удаа гарч 6,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6 хүн нас барж, 6 хүн түлэгдэж гэмтэн, 167 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 105 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 11,8 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 75,0 хувиар өссөн байна. Нийслэлийн хувьд гал түймрийн тоо буурсан хэдий ч аж ахуй нэгж иргэд хохирсоор л байна. Энэ байдалд ОБЕГ-аас дүгнэлт хийж галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Эхний удаад Баянзүрх дүүргийн гал хамгийн ихээр гарч байгаа 8,9,12-р хороог сонгон авч албан хаагчид айл бүрээр явж галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга хийж, хяналт тавин ажиллах юм байна. Энэ талаар Нийслэлийн ОБГ-ын гамшгаас УСХ-ийн дарга хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.
Энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарчээ. Үүний улмаас 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж байгаатай холбогдуулан цахилгаан ихээр хэрэглэдэг. Үүнтэй холбоотой түймэр ихэсдэг учраас иргэд урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 100 гаруй албан хаагчид дээрх гурван хорооны айл өрхүүдээр явж хяналт хийх ажээ. Нийслэл хотод гарч байгаа гал түймрийн 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарч байгаа юм байна. Цаашид бүх дүүргүүдэд сар бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.