1045
 
 

ГАДААД ПАСПОРТЫГ 10 ЖИЛЭЭР ОЛГОНО

Улсын  Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд энэ  оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулжээ. Энэ сарын нэгнээс эхлэн иргэд бүртгэлийн 10 үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах болж байна. Тухайлбал гадаад паспортыг өмнө нь таван жилээр олгодог байсан бол энэ сараас эхлэн захиалах иргэд 10 жилийн хугацаатай авахаар болжээ. Энэ талаар БЗД-ийн Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Жавхлангаас тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.  Энэ хуулийн зорилго нь олон улсын чиг хандлагад нийцүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааг үе шаттай төгөлдөржүүлэх, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй болгоход чиглэсэн. Нэг үгээр хэлбэл төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байгаа юм.
Өмнө нь иргэд зөвхөн амьдарч байгаа аймаг, хороо, дүүргээс бүртгэлийн үйлчилгээг авдаг байсан. Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн иргэн байсан ч Улаанбаатараас иргэний үнэмлэхээ захиалан авч болох ажээ. Харин гадаад паспортын хугацаа нэмэгдсэн ч үнийн хувьд ямар нэг өөрчлөлт ороогүй юм байна.

1045