1045
 
 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 28 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23,9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 788 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 36 хэргээр буюу 4,4 хувиар буурсан байна. Нийслэл хотын хэмжээнд оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 442 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5,6 хувиар буурчээ. Энэ нь нийслэл хотод үйлдэгдсэн бүх хэргийн 2,1 хувийг эзэлж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Баярбаясгалангаас тодрууллаа.
Нийслэл хотод энэ оны эхний есөн сард нийт 88 мянган зөрчил бүртгэгдсэнээс зөрчлийн тухай хуульд заасан “гэр бүлийн тухай хууль “зөрчих зөрчил 2467 бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 29,4 хувийг эзэлж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар иргэд дуугүй өнгөрч болохгүй. Заавал цагдаагийн газарт мэдээлэх үүрэгтэй. Мэдээлж үүргээ биелүүлээгүйн улмаас 10 хүн зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа. Тэгэхээр таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол заавал мэдээлээрэй гэж хэлье.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэрэгт 278 иргэн өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 39,6 хувиар буурсан байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 263 нь буюу 94,6 хувь нь эмэгтэй хүн, 4,7 хувийг хүүхэд, 0,8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хэрэгт холбогдон шалгагдсан иргэдийн 5,6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Харин цагдаагийн байгууллагад 300 гаруй мянган дуудлага мэдээлэл ирсний 26 мянга нь гэр бүлийн хүчирхийллийн ангиллын дуудлага ирсэн нь нийт мэдээллийн 7,1 хувийг эзэлж байна. Эдгээр дуудлагын 11,3 хувь нь хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн дуудлага, мэдээлэл ажээ.