1045
 
 

“ЭМЗЭГ ЦЭГ” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуй нэгжүүд шөнийн 04:00 цаг хүртэл ажиллаж байгаатай холбогдуулан “Эмзэг цэг-хяналт шалгалт” арга хэмжээг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү арга хэмжээ нь гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор цагдаагийн офицер 3800, цагдаа 4500 нийт 8000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын УСХ-ийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулаад жил болох гэж байна. Манай 8000 гаруй албан хаагчид ажиллаж, нийт 55 мянга гаруй аж ахуй нэгж, 36 мянган иргэнийг шалгасан. Үүнээс баар 10 мянга гаруй, караоке 11700, хүнсний дэлгүүр 9900, паб 5600, ресторан 3300, зочид буудал 5600, цахим тоглоомын газар 4600, саун массажны газар 1400 гаруйг шалгаж 3100 зөрчлийг илрүүлсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 5800 зөрчилд 453 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
“Эмзэг цэг” арга хэмжээнд нийслэлийн МХГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө гарган 14 хоног тутамд хяналт шалгалт хийх ажлыг тогтмолжуулан ажиллаж байгаа ажээ. Оны эхний есөн сарын байдлаар нийт 28 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал хүргүүлснээс нэг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 19 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.