1045
 
 

“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй  "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь  гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн шон, асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүртгэлжүүлэн цаашид 2019-2020 онд нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундах, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гарган танилцуулах ажээ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны  инженерийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа.
“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орон сууцны хороолол доторх туслах зам, гэр хорооллын гудамжинд байгаа гэрлийн шон, гэрэлтүүлгийг бүртгэж 12 дугаар сарын 1-ны дотор гэрэлтэй болгох болгосон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны гэрэлтүүлгийн асалтын цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Тухайлбал өвлийн цагт эрт харанхуй болоход гол төв замын гэрэлтүүлэг нэгдсэн байдлаар асдаг ч алслагдсан дүүргийн зам, гудамж талбайн гэрэлтүүлэг асах хуваарь харилцан адилгүй байгаа юм. Үүнийг асах хуваарийг нэгтгэн батлуулах, хяналт тавих үүргийг мөн холбогдох албаныханд өгсөн.
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61,070 гэрэлтүүлгийн шон асаалттай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм. Ирэх 12 дугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61,070 гэрлийн 1,600 гэрлийн шонд засвар үйлчилгээ хийж асаах юм. Төвийн зургаан  дүүргийн гэр хорооллын гудамж замд 31,643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагийн асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэх ажээ.