1045
 
 

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТ 40 ИРГЭН АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДЛАА

1045

Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна.
Өнгөрсөн удаад Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр болох "Таван толгой түлш" ХХК-д нээлттэй ажлын байр зарлагдаж, 15 хүн барилга сантехникийн бригадад ажилд орсон бол энэ удаад 40 иргэн ажлын байртай боллоо.
Ажилд орох хүсэлт гаргасан 50 гаруй иргэнд "Таван толгой түлш" ХХК-иас сургалт зохион байгуулж, шалгалт авснаар 40 иргэн тэнцсэн байна.
Энэ үеэр Засаг дарга Ч.Раднаабазар: "Өнгөрсөн онд нийслэлийн утаа 50 хувь буурсныг та бид нүдээрээ харсан. Налайх дүүрэг агаарын бохирдол их, утаатай өвөлждөг. Тэгвэл энэ өвлөөс та бидний нуруунд дүүргээ утаагүй болгох өндөр үүрэг, хариуцлага ирж байна. Өмнө нь дүүргээс 15 иргэн ажлын байраар хангагдаж байсан. Удахгүй үйлдвэрийн дахин 2 хэсэг ашиглалтад орно. Ингэснээр дахин дүүргийн иргэдийг ажлын байраар хангана. Хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллан, хамтдаа утаагүй, агаарын бохирдолгүй дүүрэг, нийслэлийг бүтээцгээе" гэсэн юм.
Үйлдвэр баригдсанаар шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам ашиглалтад орно. Үе шаттайгаар бүрэн хэмжээнд нь арван нэгдүгээр сард багтааж ажилд оруулахаар зорилт тавьжээ.
Шинээр баригдаж байгаа үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.
Нийслэлийн ЗДТГ, дүүргийн ЗДТГ-аас хамтран төрийн албан хаагчдад шахмал түлшний хэрэглээний сургалт мэдээллийг үе шаттай зохион байгуулж эхлээд байна.