1045
 
 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ 2300 ХҮҮХДИЙГ ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

1045

Манай улс жил бүрийн 10 сард дархлаажуулалтын аян өрнүүлдэг. Энэ жилийн дархлаажуулалтын аяныг “Томуугийн халдвараас сэргийлье” уриан дор өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулна. Налайх дүүргийн хувьд эхний ээлжид 6 сартайгаас 10 хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг эхлүүллээ.
        Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 15 СӨББ-ын 2300  хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нараас урьдчилан зөвшөөрөл авч бэлтгэл ажлыг хангажээ. Үүний  дагуу суралцагч нарыг цэцэрлэг тус бүр дээрх дархлаажуулалтын түр цэгээр, 06 сараас 3 хүртэлх насны СӨББ-д хамрагдаагүй хүүхдүүдийг харьяа ӨЭМТ-үүдийн байнгын цэг дээр өдөр бүр дархлаажуулж байна.
        Насны ангиллаар 06 сараас 3 хүртэлх насны хүүхдүүдэд дархлаажуулалтыг сарын зайтай 2 удаагийн давтамжтай хийх бол 3-аас дээш насныханд 1 удаа хийснээр А, В хүрээний томуугийн халдвараас сэргийлэх, дархлаа тогтох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
         Энэ вакцин урьд жилүүдэд хийгдэж байсан учраас ямар нэгэн хүндрэл, урвал илэрч байгаагүйг эмч мэргэжилтнүүд мэдээлж байна. Хэрвээ хүүхэд вакцин хийсний дараа өндөр халуурах, тарилга орчимд улайж, хавдах, зовуурлах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөлөө. Эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхэд, багачуудаа улирлын томуугийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар