1045
 
 

ӨГӨХ ӨДӨР 10 НАС ХҮРЛЭЭ

Үндэсний өгөх өдөр хөдөлгөөний санаачлагч хэдэн залуу энэ нийгэмд хүмүүс нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгдөг байгаасай гэсэндээ Үндэсний өгөх өдөртэй болох санаачилгыг 2010 онд гаргаж, орон даяар тэмдэглэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Өгөх өдрийнхөн ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

1045

2010 он 
Том болоорой, Удвал

“Том болоорой Удвал” нэртэй төслийг амжилттай хэрэгжүүлж, Хандивын хайрцаг аялуулж 25 сая төгрөг цуглуулсан. Удвал охин БНСУ-ын Сөүл хотын Йонсей эмнэлэгт зургаан сар эмчлүүлж бүрэн эдгэсэн юм.

2011 он 
25-р Тусгай дунд сургууль

Жүжигчин Б.Амарсайхан “Бодлын Хулгайч” киноныхоо нээлтийн 7 хоногийн орлогоор Улаанбаатар хотын 25-р тусгай дунд сургуульд том оврын автобус худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхийн тулд ажил хийх боломжгүй байсан аав ээжүүд ажил хийх боломжтой болсон.

2012 он 
Өглөгч мод

Ээж аавын хайр өгөхийн гайхамшгийг маш энгийнээр тайлбарлаж, АНУ-ын зурагтай шилдэг 100 номын нэгээр шалгарсан шинэ үеийн сонгодог зохиол болох Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг орчуулан, 10 мянган хувь хэвлэн улсын хэмжээнд ЕБС-иудад үнэгүй тараав.

2013 он 
Өгөгч мод ба би зохион бичлэгийн уралдаан ЕБС-ын бүх ангийн дунд зарлаж, хот хөдөөгийн орон нутгийн сурагчид 800 гаруй бүтээл илгээж, Туул ротаракт клубтэй хамтран хорих 409 дүгээр хорих ангид ном хандивлах “Нэг ном Нэг итгэл” аяныг үргэлжлүүлж, жүжигчин Амарсайхан хорих ангийн хүмүүжигч нарт “Бодлын хулгайч” киногоо үзүүлж, ярилцлага зохион байгуулав.

1045

2014 он
Урам хайрла

Урам хайрла шүлэгт МУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ая хийж, ХАРАНГА хамтлагийн дуулснаар олны хүртээл боллоо. Мөн MONGOL HD телевизтэй хамтран Зүрхийг бүлээцүүлэх 100 захидал аянг өрнүүлж Өнөө өглөө продакшнтай хамтарч тусгай хөтөлбөр явууллаа.

2015 он 
“Бид бүгд адилхан” 

Бид бүгд адилхан төслийг хэрэгжүүлж, авьяаслаг залуусын уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бүтээлүүдийг олон нийтэд танилцууллаа. Үүгээр дамжуулж тархины саа өвчтэй хүмүүсийн талаарх нийгмийн ойлголтыг зөв болгохын тулд “Бид бүгд адилхан” төслийг хэрэгжүүлж, авьяаслаг залуусын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бүтээлүүдийг олон нийтэд танилцууллаа. Мөн Mongol HD телевизтэй хамтран тусгай хөтөлбөр бэлтгэн, энэ өдөр оюутан залуус хөгжлийн бэрхшээлтэй залуустай хамтран Сүхбаатарын талбайд цуглан гар гараасаа барилцан флашмоб хийлээ. Мөн олон нийтээс хандив цуглуулж 13.6 сая төгрөгийг Таны Инээмсэглэл төвд гардуулж өглөө. Тус төвийн хоёр эмчийг Унгар улсын мэргэжлийн сургалтад хамрууллаа.

2016 он 
Цахим гадуурхал цаашаа

БСШУЯ-наас “Цахим гадуурхал цаашаа” уриан дор Үндэсний өгөх өдрийг санаачлан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд бүх ЕБС-ын хүрээнд Аравдугаар сарын 1-ний өдөр Цахим гадуурхал цаашаа сэдэвт хичээл оруулж, сурагчдыг цахим ертөнцийн золиос байхыг уриалж, зөвлөмж гаргалаа.
Мөн Цус сэлбэлт судлалын төвд таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аварна уриан дор сайн дураараа цус өгөх өдөрлөг зохион байгуулсан.

1045

2017 он 
Нүдээ нээ

Цахим орчинд хүүхэд эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж хүчирхийлэлд өртөж байгаа асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “Нүдээ нээ” аяныг Лантуун дохио ТББ-тай хамтран зохион байгуулж, аянд Монголын болон дэлхийн 10 гаруй оронд амьдарч буй 30 гаруй мянган монголчууд нэгдэж, үйл ажиллагаа өрнүүлсэн.
Цахим гэмт хэргийн хохирогчдод өмгөөлөл үзүүлэх зорилгоор хандивын аян өрнүүлж, 8.473.600 төгрөг цуглуулж хүлээлгэн өгөв. Түүнчлэн өсвөр насны хүүхэд тур дундаа ялангуяа охидод улам хайрлах цагийг гаргах үүднээс нийслэлийн кофе шопын сүлжээнүүд аав охин хоёрын тусгай цэс гаргаж тусгай урамшуулал зарлалаа.

2018 он 
Эерэг бол гоё

Нийгэмд эерэг хандлага, эерэг харилцааг хөхүүлэн дэмжих бусдыг уриалан дуудах үйлсэд нэгдэхийг уриалсан “Эерэг БолГоё” аяныг нийгмийн сүлжээгээр өрнүүлэв.

2019 он 
Юу байна түүгээрээ 

Дээрх уриан дор хүн бүрийг байгаагаа бусадтай хуваалцахыг уриалсан. Монголчууд юугаараа баян, түүгээрээ дайлъя гэдэг шүү дээ. Хүмүүс өөрсдийн цаг зав, урмын үг, ном дэвтэр, хэрэглэхээ больсон эд зүйл юу ч байж болно түүнийгээ л бусадтай хуваалцлаа.

Харин энэ жил “Өгөх өдөр” 10 нас хүрч 11 дэх төслөө хэрэгжүүлж байна. Энэ жилийн уриа “АМЖИЖ БИЕ БИЕДЭЭ ТАЛАРХЪЯ” юм. Та хэнд ч юунд ч талархаж болно. Амьдралд талархах шалтгаан олон байдаг.

Өгөх өдрийн 10 жилийн ойд зориулж та дараах зүйлийг хийгээд үзээрэй.

  1. ​​​​​​​Талархаж явдаг хүндээ ил захидал бич.
  2. Хайртай хүн рүүгээ шалтгаангүйгээр утасд
  3. Үйлчилгээний ажилтанд гарын мөнгө өгөх.
  4. Хэн нэгнийг машинаараа дөхүүлээд өг.
  5. Машинаараа үйлчил.
  6. Хандивын хайрцаг нээ.
  7. Таних, танихгүй хэн нэгнийг кофегоор дайлах.
  8. Алдаж оносон хэн нэгэнд урам хайрлаж тэврээрэй
  9. Сэтгэлээсээ инээмсэглэ.
  10. Сошиал медиаг эерэг болгоход нэмэр оруулж талархлын пост хуваалцах.