1045
 
 

НИЙСЛЭЛИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГЭЭР НАЛАЙХ ДҮҮРЭГ ТОДОРЛОО

1045

2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засаг даргын А/02 дугаар захирамж гарсантай холбоотой хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан юм. Аяныг зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.
Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгээр шалгарсан дүүрэг, хороод, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй удирдлагууд болон  нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцсон юм.
“Манай хороо-Миний гудамж” 2020 аянд Налайх дүүрэг амжилттай оролцож, долоон номинацын зургаад нь шагналт байр эзэллээ. 2020 оны шилдэг дүүргээр Налайх дүүрэг тэргүүлсэн бол удаах байрт Хан-уул, Сонгино хайрхан дүүрэг шалгарчээ.  Мөн  Наймдугаар хороо-Шилдэг орон сууцны хороо, Дөрөвдүгээр хороо-Шилдэг гэр хороо, 23 дугаар цэцэрлэг-Шилдэг аж ахуйн нэгж байгууллага, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-Шилдэг үйлчилгээний байгууллагаар тус тус шалгарсан юм. Харин Налайх дүүргийн шилдэг өрхөөр наймдугаар хорооны иргэн Б.Ганхуягийнх шалгарч, нийслэлийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажилласан Налайхчууд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн ойн баярын мэндчилгээг Налайх Дүүргийн Засаг Даргын тамгын газраас дэвшүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар