1045
 
 

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭГ E-MONGOLIA СИСТЕМД НЭГТГЭЖЭЭ

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болох ба Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг мөн энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагын мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байгаа аж.

Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах, төрийн 500-аас доошгүй үйлчилгээг  цахимжуулж E-Mongolia системд нэгтгэх, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт нийслэлд 93, орон нутагт 70 орчим хувьтай байна.

Ерөнхий сайд “Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авилга үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авилгын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна.” гэв.

Нийслэлийн хувьд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд бүрэн шилжүүлээд байна. Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэд E-Mongolia системээс давхардсан тоогоор 1,6 сая үйлчилгээг цахимаар авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.